“Асуулт Фото Аялал 2010”
2010 оны 7 сарын 9
Монголын гэрэл зураг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг томоохон цугларалт болох “Асуулт фото аялал” 7 сарын 4-ний өдөр амжилттай болж өндөрлөв.Монголд гэрэл зургийг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үндсэн зорилго бүхий энэхүү аялал нь 5 дах жилдээ зохион байгуулагдаж байна. Тус аялалд нийт 300 орчим мэргэжлийн гэрэл зурагчид болон анхан, дунд түвшний гэрэл зураг сонирхогчид цугларан, бие биетэйгээ харилцан туршлага солилцон, бүтээлээрээ хоорондоо нөхөрсгөөр өрсөлдлөө. Жил ирэх тусам цар хүрээгээ тэлж, далайцтай болж буй тус аяллын ерөнхий ивээн тэтгэгчээр “Canon” брэндийн албан ёсны дистриьбьютер М-Си-Эс Электрониксын Канон төв ажиллаж, www.Asuult.net болон Шинэ Агшин төрийн бус байгууллагууд хамтран зохион байгууллав. Мөн Фото Агентлаг, Студи 11, Студи 3, Photolink Agency зэрэг олон байгууллага, хувь хүмүүс тус аяллыг дэмжин, хамтран ажилласан байна.

Монгол шилтгээнд болсон энэ өдрийн аялал нь өглөөний 9 цагаас оройн 11 цаг хүртэл үргэлжилж, сонирхолтой хөтөлбөр, тэмцээн уралдаан, шагнал урамшуулал дүүрэн байснаас гадна, хамгийн гол нь гэрэл зураг сонирхогчид мэргэжлийн гэрэл зурагчдаас хүссэн зөвлөгөөгөө авч, туршлага солилцон, мэргэжлийн аппаратны болон сайн зураг авах талаарх мэдлэгээ дээшлүүлэх боломжтой байсан нь хамгийн том давуу тал байв.
Аялалын үеэр “Тогондоо”, “1 минут”, “Атом молекул”, “Монголын Дартс” зэрэг олон сонирхолтой тэмцээн наадмууд зохион байгуулагдсан ба ерөнхий ивээн тэтгэгч “MCS Canon” төвийн нэрэмжит “Canon Инээмсэглэл” өдрийн шилдэг гэрэл зураг шалгаруулах тэмцээн нийт оролцогчдын сонирхлыг илүүтэй татаж байлаа. “Canon Инээмсэглэл” тэмцээнд долоон хүний зургийг шагналт байранд шалгаруулсан юм. Үүнд I байранд Зэвсэг нэгт ахан дүүс багийн Н.Нямдаваа “Canon өөр өнцгөөс”, II байранд Монгол бадарчин багийн Баагий, III байранд Waka Waka багийн Нямдорж, IV байранд Алаг багийн Мөнх-Эрдэнэ, V байранд Зэвсэг нэгт ахан дүүс багийн Н.Нямдаваа, VI байранд Найдвартай багийн Долгион “Canomura”, VII байранд Гэрэлт Ирээдүй багийн Баярбаатар нар тус тус шалгарсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.